ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2020 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2021 он 02 сар 18. 08 цаг 03 минут

Ажиллах хүчний судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.

Ажиллах хүчний 1.1 (92.4%) сая нь ажиллагчид юм. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 63.8 (5.4%) мянгаар, өмнөх улирлаас 51.4 (4.4%) мянгаар буурлаа. Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 918.1 мянга (43.0%) нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 66.1 мянга (7.2%) нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтжээ. Улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 92.1 мянга (55.4%) нь ажилгүй хүн, 66.1 мянга (39.7%) нь боломжит ажиллах хүч, 8.2 мянга (4.9%) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 7.8 (4.5%) мянгаар буурч, өмнөх улирлаас 7.1 (4.5%) мянгаар өслөө. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 13.0 (12.4%) мянгаар, өмнөх улирлаас 0.5 мянга (0.5%)-аар буурав. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс болон өмнөх улирлаас буурахад боломжит ажиллах хүчний тоо өссөн нь голлон нөлөөллөө. Ажилгүй хүнийг тодорхойлох “Сүүлийн 30 хоногт цалин хөлстэй ажил хайх эсвэл орлого болох бизнес эрхлэхээр оролдлого хийсэн эсэх” шалгуурыг хангасан хүн өмнөх оны мөн үеэс 12.9 (11.8%) мянгаар буурсан нь ажилгүй хүн буурч, боломжит ажиллах хүч өсөхөд нөлөөлжээ. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 8.1 (14.0%) мянгаар, өмнөх улирлаас 3.5 мянга (5.6%)-аар өсөв. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс өсөхөд 15-24 насны бүлгийнх 6.7 мянгаар, 30-44 насных 6.5 мянгаар тус тус өслөө. Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс буурахад хөдөлмөр эрхлэлтийн статусын хувьд цалин хөлстэй түр ажиллагч (23.1 мянгаар) цалин хөлстэй ажиллагчгүй, зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуй эрхлэгч (14.9 мянгаар), зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн нэгжийн ажиллагч (13.0 мянгаар) буурсан нь голлон нөлөөллөө.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хувьд ХАА, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуурын салбарын ажиллагчид (40.8 мянгаар) төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын салбарынх (12.4 мянгаар) зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх (11.0 мянгаар) буурсан нь голлон нөлөөлөв. Мөн насны бүлгээр авч үзэхэд 25-34 насанд 28.3 мянгаар, 55-69 насанд 16.6 мянгаар буурсан нь голлон нөлөөлөв. Нийт ажиллагчдын 630.8 мянга (56.1%) нь үйлчилгээний, 269.2 мянга (23.9%) нь хөдөө аж ахуйн, 224.6 мянга (20.0%) нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаа. Нийт ажиллагчдын 156.4 мянга (13.9%) нь сүүлийн 7 хоногт ажиллаагүй ч буцаж хийхээр хүлээгдэж байгаа /тогтмол хийдэг/ цалин хөлс, орлого олох ажилтай, тэдгээрийн 124.7 мянга (79.8%) нь үүсээд байгаа цар тахалтай холбоотой гэж хариулжээ.

Арван тав, түүнээс дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн
байдал, мянган хүнээр, 2020 оны 4 дүгээр улирлаар

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 10.6 (16.8%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.5 мянга (10.3%)-аар буурав. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс өссөн өсөлтийг насны бүлгээр авч үзэхэд 15-49 насанд бүлэгт 18.8 мянгаар, хамгийн өндөр нь 40-44 насанд 5.8 мянгаар өслөө.

Хөдөлмөрийн статистикийн зарим үзүүлэлтүүд, дүнд эзлэх хувиар, 2020 оны 3 дугаар улирал

Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 13.0 хувь, ажилгүйдлийн түвшин 7.6 хувь байна. Харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 12.3 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 8.2 хувь байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсөв.

Ажиллах хүчний оролцооны түвшин 2020 оны 4 дүгээр улиралд 57.0 хувь болж, хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүдийнх 65.1 хувь, эмэгтэйчүүдийнх 50.0 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх улирлаас 2.0 пунктээр, өмнөх оны мөн үеэс 3.7 пунктээр тус тус буурлаа.  Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 52.7 хувь болж, өмнөх улирлаас 2.0 пунктээр, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр тус тус буурав. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүдийнх 60.4 хувь, эмэгтэйчүүдийнх 46.1 хувь байна.

Ажиллах хүчний судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 38.2 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 37.6 мянга, ажилгүй хүн 0.6 мянга боллоо. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 18.5 мянга боллоо. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2020 оны 4 дүгээр улиралд аймгийн хэмжээнд 67.4 хувь (улсын дундаж 57.0%) болж өмнөх улирлаас 3.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 7.9 пунктээр тус бүр буурлаа. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 оны 4 дүгээр улиралд 1.6 хувь (улсын дундаж 7.6%) болж өмнөх улирлаас 3.3 пунктээр, өмнөх оны мөн үеэс 2.2 пунктээр тус бүр буурлаа. Аймгийн хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 5.2 хувьтай, ажилгүйдлийн түвшин 0.6 хувьтайцаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 2.0 хувьтай, ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 4.9 хувьтай гарлаа.

Ойлголт, тодорхойлолт:
Үндэсний Статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А-09/08 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох шинэчилсэн аргачлал"-ыг 2019 оны 1 дүгээр сараас мөрдөж байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааг шинэ ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явуулж байна.
Хөдөлмөрийн насны хүн ам гэж 15, түүнээс дээш насны хүн амыг хэлнэ. Хөдөлмөрийн насны хүн амыг ажиллах хүч болон ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж ангилна (заалт 15, 65, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).

Ажиллах хүч гэж тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн юм (заалт 11, 16, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн амыг ойлгоно. Ажиллах хүчнээс  гадуурх хүн амаас энэ боломжит ажиллах хүчийг тодорхойлно. Мөн ажиллах хүч болон боломжит ажиллах хүч хоёрын нийлбэрээр өргөтгөсөн ажиллах хүч илэрхийлэгдэнэ (заалт 16,55, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Ажиллагч гэж зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй хөдөлмөрийн насны хүнийг хэлнэ. Хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байрандаа байгаа болон түр эзгүй байгаа гэж хоёр бүлэгт хувааж авч үзнэ (заалт 27, ОУХС-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Хөдөлмөр эрхлэлтийн статус гэж эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тухайн ажиллагчийг ажиллаж байгаа эдийн засгийн нэгж (хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага эсэх) болон эрх мэдэл, ажил үүргээр нь ангилахыг ойлгоно.
Ажил олгогч гэж ашиг олох зорилгоор тогтмол хугацаанд нэг буюу түүнээс дээш хүнийг “цалин хөлстэй ажиллагч”-аар ажиллуулдаг хувиараа хөдөлмөр эрхэлж буй ажиллагчийг ойлгоно. Цалин хөлсөөр ажиллаж буй ажиллагч гэдэгт ажлын байрандаа түр эзгүй байгаа ажиллагчийг оруулна, харин үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг хамтран гаргадаг бизнесийн хамтрагч болон өрхийн бусад туслагчдыг оруулахгүй. Ажил олгогчдыг дотор нь аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч (захирал, менежер) болон өрхийн зах зээлийн аж ахуйн нэгжийн ажил олгогч гэж хоёр ангилна.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч гэж ашиг олох зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бие даан эсвэл нэг болон хэд хэдэн хувь нийлүүлэгч бүхий бизнесийн хамтрагчтайгаа хамтран эрхэлж, тухайн үйл ажиллагаандаа нэг буюу түүнээс дээш хүнийг тогтмол “цалин хөлстэй ажиллагч”-аар ажиллуулан, хувийн бизнесийнхээ үйл ажиллагаанд оролцуулж байгаа байгууллагын эзэн бүхий ажиллагч юм. Цалин хөлсөөр ажиллаж буй ажиллагчид ажлын байрандаа түр эзгүй байгаа ажиллагчийг оруулна, харин үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг хамтран гаргадаг бизнесийн хамтрагч болон өрхийн бусад туслагчдыг оруулахгүй.
Зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн нэгжийн ажил олгогч гэж ашиг олох зорилгоор аж ахуйн нэгж байгууллага бус зах зээлийн аж ахуйн нэгжийг бие даан эсвэл нэг болон хэд хэдэн хувь нийлүүлэгч бүхий бизнесийн хамтрагчтайгаа хамтран эрхэлж, тухайн үйл ажиллагаандаа нэг буюу түүнээс дээш хүнийг тогтмол “цалин хөлстэй ажиллагч”-аар ажиллуулж байгаа ажиллагч юм. Цалин хөлсөөр ажиллаж буй ажиллагчид ажлын байрандаа түр эзгүй байгаа ажиллагчийг оруулна, харин үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг хамтран гаргадаг бизнесийн хамтрагч болон өрхийн бусад туслагчдыг оруулахгүй.
Цалин хөлстэй ажилтангүй бие даасан ажиллагч гэж өөрийн хөрөнгөөрөө бие даан, эсвэл бусадтай хамтран эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж, тухайн хугацаанд ямар нэгэн цалин хөлстэй ажилтан авч ажиллуулаагүй хувиараа хөдөлмөр эрхэлж буй ажиллагчийг ойлгоно. Ямар нэгэн цалин хөлстэй ажилтан авч ажиллуулаагүй гэдэг нь өөрөөсөө, бизнесийн хамтрагч, хувь нэмэр оруулагч гэр бүлийн гишүүнээсээ өөр нэг ч хүн ажилчнаар авч ажиллуулаагүй байхыг ойлгоно. Эдгээр хөдөлмөр эрхлэгчдийг дотор нь цалин хөлстэй ажилтангүй аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч болон цалин хөлстэй ажиллагчгүй зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч гэж хоёр ангилна.
Цалин хөлстэй ажилтангүй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч гэж ямар нэгэн цалин хөлстэй ажилтан авч ажиллуулахгүйгээр, бие даан эсвэл хувь эзэмшигч, бизнесийн хамтрагч, хувь нэмэр оруулагч гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран аж ахуйн нэгж, байгууллагын (хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөл, хоршоо) үйл ажиллагааг эрхэлж буй ажилч юм.
Цалин хөлстэй ажилтангүй, зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч гэж ямар нэгэн цалин хөлстэй ажилтан авч ажиллуулахгүйгээр, бие даан эсвэл бизнесийн хамтрагч, хувь нэмэр оруулагч гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран аж ахуйн нэгж байгууллага бус зах зээлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эрхэлж явуулдаг ажилч юм.
Гүйцэтгэх гэрээлэгч гэж эдийн засгийн өөр нэг нэгжид, эсвэл уг нэгжээр дамжуулаад бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх зорилгоор арилжааны шинжтэй гэрээ (хөдөлмөрийн бус) байгуулан ажиллаж буй ажиллагч юм. Эдгээр ажиллагч нь тухайн эдийн засгийн нэгжийн цалин хөлстэй ажиллагч биш боловч ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл, орлого болон зах зээлд гарах боломж зэрэг нь уг эдийн засгийн нэгжээс хамаардаг. Мөн эдгээр ажиллагч нь тэдний үйлдвэрлэлийн (бүтээмжтэй) үйл ажиллагаанд хяналт тавьж, хийж гүйцэтгэсэн ажлынх нь үр шимийг шууд хүртдэг эдийн засгийн өөр нэгжээс хараат, ашгийн төлөө ажиллагч юм.
Цалин хөлстэй ажиллагч гэж ажиллаж буй эдийн засгийн нэгжээ эзэмшдэггүй, үйл ажиллагааны шийдвэрт оролцохгүйгээр тухайн нэгжид албан болон албан бусаар хөдөлмөр эрхлэн, ажилласан цаг, хийж гүйцэтгэсэн ажлынхаа (зарим тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажлынхаа үйл ажиллагаа тус бүрт) эсвэл худалдаа, үйлчилгээ (тоо хэмээ, захиалгын тоогоор) үзүүлснийхээ төлбөр болгон мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цалин хөлс авдаг ажиллагч юм. Цалинтай ажиллагчдыг хөдөлмөр эрхлэлтийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн харилцааны зохицуулалтаас нь хамаарч 4 ангилна.

Цалин хөлстэй байнгын ажиллагч гэж ажлын цагийн доод хэмжээгээр ажиллах нь хүлээн зөвшөөрөгдсөн, байнгын буюу тухайн эдийн засгийн нэгжид ажиллах насны дээд хязгаар, тэтгэвэрт гарах нас зэргээс бусад хөдөлмөр эрхлэлтийг зогсоох тодорхой хугацаа, нөхцөл заагдаагүйгээр хөдөлмөр эрхэлдэг ажиллагч юм. Эдгээр ажиллагчид нь албан болон албан бус ажлын байранд бүтэн эсвэл хагас цагаар ажиллагч байж болно. Мөн ажилд ороод удаагүй, туршилтын хугацаандаа ажиллаж байгаа боловч цаашид үргэлжлүүлээд байнгын хугацаагаар ажиллуулахаар хүлээгдэж байгаа ажиллагч орно.
Цалин хөлстэй түр ажиллагч гэж хөдөлмөр эрхлэх хугацаа нь 3 ба түүнээс дээш сараар хязгаарлагдсан буюу тодорхой хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм. Эдгээр ажиллагчид нь албан болон албан бус ажлын байранд бүтэн эсвэл хагас цагаар ажиллагч байж болно.
Цалин хөлстэй тохиолдлын ажиллагч гэж ажлын тогтсон цаггүй, хөдөлмөр эрхлэлт нь 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарлагдсан буюу богино хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм.
Цалин хөлстэй дагалдан ажилтан, мэргэшиж буй дадлагажигч ажилтан, дагалдан дадлагажигчид гэж цалин хөлстэйгөөр, ажлын байрны болон мэргэжлийн хувьд дадлага, туршлага, ур чадвар эзэмших зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй ажиллагч юм.
Хувь нэмрээ оруулагч гэр бүлийн гишүүн гэж өрхийн гишүүд, мөн өөр өрхөд амьдарч буй гэр бүлийн холбоотой (эцэг, эх, ах, дүү гэх мэт) хүмүүсийн эрхэлж буй зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн нэгжийн ажилд, эсвэл тэдгээрийн цалинтай ажил болон гүйцэтгэх гэрээлэгчээр ажиллаж буй ажилд нь тусалж байгаа ажиллагчийг хэлнэ. Тэд эдийн засгийн нэгжийн үйл ажиллагаанд нь нөлөөлөх шийдвэр гаргадаггүй, үүрэг хүлээдэггүй бөгөөд цалин хөлсгүйгээр оролцож, үйл ажиллагаанаас олсон орлогоос өрх дотроо ашиг хүртдэг.
Хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байхыг ойлгоно (заалт 40, 42 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг дараах үзүүлэлтээр хэмжинэ. Үүнд:
Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч гэж тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлж буй ажиллагчийн бүх ажлынх нь ажлын цаг нь үндэсний хууль тогтоомжид заасан босго цагаас бага бөгөөд өөр ажил хийх хүсэлтэй, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүнийг ойлгоно. Босго цаг гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 7 хоногийн ажлын 40 цагаар авч үзнэ (заалт 43 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол).
Ажилгүй хүн гэж сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил хайж  байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насны хүн юм (заалт 47 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол).
а. хөдөлмөр эрхлээгүй гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, ажиллагч гэдэг тодорхойлолтод хамаарахгүй байхыг;
б. ажил хийхэд бэлэн гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт эсвэл тухайн хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд бэлэн байхыг;
в. ажил хайж байгаа гэж сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм. Ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх, ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ойлгоно. Харин ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй.
Боломжит ажиллах хүч гэж цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхлэхийг сонирхож байгаа боловч тодорхой нөхцөл байдлын улмаас ажил хайх оролдлого нь хязгаарлагдсан эсвэл шууд ажил хийх боломжгүй байгаа, тухайн хугацаанд хөдөлмөр эрхлээгүй хүн юм (заалт 40с, 51, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Боломжит ажиллах хүчинд дараах хүмүүсийг хамааруулна. Үүнд:
а. Ажил хийхэд бэлэн биш байгаа ажил хайгч буюу ажил хайх оролдлого хийж байсан ч тухайн хугацаанд ажил хийхэд бэлэн биш, боломжгүй байгаа хүн;
б. Ажил хайгаагүй ч ажил хийх боломжтой хүн буюу ажил хайх оролдлого хийгээгүй ч ажил хийх хүсэлтэй, ажил хийхэд бэлэн байгаа хүн.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2020 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам 
93 332
Өрхийн тоо
27 267
Төрсөн хүүхдийн тоо
2 294  2019 он
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
2 955
Нялхсын эндэгдэл
12
Бүртгэлтэй ажилгүйчүүд
368

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

595
Малын тоо
4 877 520
Хэрэглээний үнийн ИНДЕКС
3,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

837
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг - 2019 он

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо